Үйлчилгээний нөхцөл

ЦАХИМ БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ

Энэхүү “Цахим үйлчилгээний гэрээ” /цаашид “Гэрээ” гэх/-г, нэг талаас Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Их Эзэн Чингис хааны талбай гудамж 8/1 , Сити Тауэр 18 давхар 1803 тоот хаягт байрлах “Гүүдсек” ҮЦК ХХК /цаашид “ҮЦК” гэх/ нөгөө талаас гэрээ байгуулж үйлчилгээ авахаар хүсэлт ирүүлэн бүртгүүлсэн Монгол улсын иргэн /цаашид “Харилцагч” гэх/ нар /цаашид хамтад нь “талууд” гэх) Монгол Улсын Иргэний хууль, Үнэт цаасны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн, дараах нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү гэрээ нь ҮЦК-аас нь цахим хэлбэрээр үйлчилгээ авах эрхийг Харилцагчид олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү гэрээнд дурьдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

1.2.1. Үнэт цаасны компани гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан “Гүүдсек ҮЦК” ХХК-г;

1.2.2. Харилцагч гэж “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн www.goodsec.mn-д харилцагчийн бүртгэл үүсгэж, үнэт цаасны данс нээлгэх, дансаа хянах эрх бүхий харилцагчийг таних ажиллагаа бүрэн хийгдэж, холбогдох гэрээ байгуулсан харилцагчийг;

1.2.3. Цахим үйлчилгээ гэж Харилцагчид www.goodsec.mn сайтаар дамжуулан өөрийн үнэт цаасны данс нээх болон нээггдсэн үнэт цаасны дансаа удирдах үйлчилгээг;

1.2.4. Харилцагчийн данс гэж Харилцагчид www.goodsec.mn сайтаар дамжуулан программд ҮЦК-ийн системчилсэний дагуу дугаарлагдаж, харилцагчид оноогдсон дахин давтагдашгүй дугаарыг;

1.2.5. Бүртгэлгүй харилцагч гэж www.goodsec.mn сайтад бүртгэлгүй эсхүл бүртгүүлсэн хэдий ч мэдээлэл бүрэн орж баталгаажаагүй харилцагчийг;

1.2.6. Харилцагчийг таних үйл ажиллагаа гэж холбогдох хууль тогтоомж болон ҮЦК-ийн “Харилцагчийг таних үйл ажиллагааны журам”-д тусгагдсан үйл ажиллагааг;

1.2.7. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /цаашид “ҮЦТХТ” гэх/ гэж Үнэт цаасны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг.

ХОЁР: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2.1. Цахим үйлчилгээг www.goodsec.mn сайтаар дамжуулан хийж гүйцэтгэнэ.

2.2. Харилцагчийн www.goodsec.mn сайтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг харилцагч бүрэн хариуцна.

2.3. Харилцагч 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн турш шаардлагатай үедээ www.goodsec.mn сайтыг ашиглан дараах үйлдлийг хийх эрхтэй байна. Үүнд:

2.3.1. Дансны үлдэгдэл болон хуулга харах шалгах;

2.3.2. Арилжааны захиалга өгөх;

2.3.3. Арилжааны үнэ ханшын мэдээллийг харах;

2.4. Харилцагчийн нэг удаагийн авах болон зарах захиалгын дээд хэмжээ 3,000,000 / гурван сая/ төгрөг байна.

2.5. ҮЦК нь арилжааны захиалгыг дараах нөхцөлүүдийг хангасан тохиолдолд Хөрөнгийн биржийн арилжааны системд шивж оруулна. Үүнд:

2.5.1. Харилцагчийн данс ҮЦТХТ-д бүртгэгдэж нээгдсэн байх;

2.5.2. Харилцагчийн захиалга нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;

2.5.3. Авах захиалга өгөхийг өмнө шаардлагатай мөнгөн хөрөнгийн арилжааны төлбөр тооцооны дансанд харилцагч өөрийн нэр дээр байршуулсан байх;

2.5.4. ҮЦК-аас тавих бусад шаардлагуудыг хангасан байх.

ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦООНЫ НӨХЦӨЛ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ, ХУРААМЖ

3.1. Цахим үйлчилгээний хураамж нь тогтомол дүнгээр илэрхийлэгдэнэ. Шимтгэлийн хэмжээг ҮЦК нь үйлчилгээний төрөл тус бүрт зориулан тогтоож, өөрчлөлт орсон тухай бүр ажлын 3 хоногт багтаан олон нийтэд цахим хэлбэрээр мэдээлж байна. Үйлчилгээний хураамж нь дараах төрөлтэй байна. Үүнд:

3.1.1. Цахимаар хувьцааны данс нээх үйлчилгээний хураамж /гэрээний хавсралт №1/;

3.1.2. Арилжааны зуучлалын шимтгэл /гэрээний хавсралт №1/;

3.1.3. Харилцагчдад ногдол ашиг олгуулсаны шимтгэл /гэрээний хавсралт №1/;

3.1.4. Нэмэлт тусгай үйлчилгээний шимтгэл.

3.2. ҮЦК нь гэрээний 3.1.2, 3.1.3,3.1.4-т заасан шимтгэл хураамжуудыг арилжааны төлбөр тооцооны данс дах харилцагчийн нэр дээр бүртгэгдсэн мөнгөн хөрөнгөөс саадгүйгээр суутган авна.

3.3. Харилцагч нь гэрээний 3.1.1-д заасан хураамжийг арилжааны банкууд дах ҮЦК-ийн харилцах данс /хавсралт №2/-д урдчилан байршуулсан байна.

3.4. www.goodsec.mn ашиглан хийгдсэн үйлчилгээ, шимтгэл хураамжийн гүйлгээ, бусад нэмэлт мэдээллийг бүртгүүлсэн цахим шуулангаар, утсаар дамжуулан харилцагчид мэдэгдэж болно.

3.5. Гэрээний 3.1.2-т заасан шимтгэлд арилжаатай холбоотой бусад байгууллагуудын шимтгэл хураамж багтсан болно.

3.6. Шимтгэл, хураамж болон үйлчилгээний шимтгэлүүдийг ҮЦК дангаар өөрчлөх эрхтэй бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь холбогдох хууль тогтоомж, эрх бүхий этгээдээс баталсан журамд нийцсэн харилцагчид хохиролгүй байна.

ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Харилцагч дараах эрхтэй. Үүнд:

4.1.1. Цахим үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран авах:

4.1.2. Үйлчилгээтэй хобоотой санал гомдолоо шийдвэрлүүлэх;

4.1.3. Цахим үйлчилгээний эрхээ цуцлуулах;

4.1.4. Өөрт холбоотой мэдээллийн нууцлалыг хангуулах;

4.1.5. Өөрийн данс хуулга, мэдээллийг баталгаажуулан гаргуулж авах;

4.1.6. Үйлчилгээниы болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах;

4.1.7. www.goodsec.mn нэвтрэх нэр, нууц үгийг ҮЦК-аас дахин гаргуулж авах;

4.1.8. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ҮЦК-д шаардах;

4.1.9. Хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.

4.2. Харилцагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

4.2.1. Харилцагчийн мэдээллийг үнэн зөв өгөх;

4.2.2. www.goodsec.mn нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх;

4.2.3. www.goodsec.mn нэвтрэх нэр, нууц үгийг бусдад алдсан тохиолдолд яаралтай өөрчлөх, ҮЦК-д мэдэгдэх;

4.2.4. Арилжааны захиалгыг холбогдох дүрэм журамд нийцүүлж захиалах;

4.2.5. Энэхүү гэрээгээр хүлээсэн бусад үүргийг хүлээнэ.

4.3. Өөрийн буруутай үйлдлээс үүдсэн болон гэрээний 4.2.2,4.2.3,4.2.4-т заасныг зөрчсөний улмаас гарсан авилаа хохирлыг Харилцагч бүрэн хариуцна.

4.4. ҮЦК дараах эрх эдэлнэ. Үүнд:

4.4.1. Харилцагчийн хууль тогтоомж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахыг харилцагчаас шаардах, ҮЦК-д учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэх гаргах;

4.4.2. Харилцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг өөрийн санаачлагаар цуцлах;

4.4.3. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулах, харилцагчаас нэмэлт мэдээлэл шаардах:

4.4.4. Эрх бүхий байгууллагаас шаардлага ирүүлсэн тохиолдолд Харилцагчийн мэдээллийг хуульд заасан хэмжээгээр ил болгох;

4.4.5. Хууль, тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.

4.5. ҮЦК нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

4.5.1. Харилцагчид цахим үйлчилгээтэй холбоотой заавар зөвлөгөө өгөх;

4.5.2. Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дансанд орсон өөрчлөлтийг Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр эрх бүхий байгууллагаар шалгуулах;

4.5.3. Харилцагчийг үнээн зөв мэдээллээр хангах;

4.5.4. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох, бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөх;

4.5.5. Гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.

ТАВ.БАТАЛГАА

5.1. Харилцагч энэхүү гэрээг байгуулахдаа дараахь баталгааг гаргасан болно. Үүнд:

5.1.1. Гэрээний зүйл заалтуудтай танилцаж үйлчилгээний нөхцөлийг бүрэн зөвшөөрсөн;

5.1.2. ҮЦК болон гуравдагч этгээдийг хохироох зорилгоор санаатайгаар гэрээ байгуулаагүй;

5.2. ҮЦК нь харилцагчид үзүүлэх үйлчилгээний тогтвортой байдлын хангах баталгааг гаргана.

ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ

6.1. Гэрээг Монгол хэлээр үйлдэх бөгөөд ҮЦК нь Харилцагчийн цахим шуудангийн хаягаар гэрээг илгээнэ. Харилцагч гэрээг цахим шуудандаа хүлээн авсан нь гэрээг бичгээр байгуулсантай адилтган үзэх нөхцөл болно.

6.2. Энхүү гэрээ нь Харилцагч хүлээн зөвшөөрөх сонголтыг дарж, ҮЦК-аас баталгаажуулсан хариу илгээснээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

6.3. Талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно

6.4. Талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.